Магистрын сургалт
АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
Ахисан түвшний сургалтын үйл ажиллагааг Боловсролын сайдын А/147 нийтлэг шаардлага батлах тухай тушаалын дагуу шинэчилсэн журмаар хэрэгжүүлж байна. Судалгааны болон мэргэжлийн магистрын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан мөрдөн ажиллаж байгаа.
Магистрын судалгааны ажлаар
- Харьцуулсан уран зохиол судлал – Харьцуулсан орчуулга зүйн судлалыг хамтатган асуудлаа шийдвэрлэсэн нь сайшаалтай. Яг жинхэнэ бодит жишээ нь гуравхан ширхэг хайку шүлэг мэт байгаа боловч, судалгааны обьект нь энэ гурван хайкугийн англи хэлний 43 орчуулга, орос хэлний 17 орчуулга тэгээд гурван хайкугийн япон эх байгаа ба энэ бүхнийг орчуулга зүй, орчуулгын онолын үүднээс монгол хэлний орчуулгатай харьцуулан судалж үнэлж дүгнэсэн нь шинэлэг талтай болсон
- Уран зохиолын төрөл зүйл нь тус тусын танин мэдэхүйн онцлогтой байдаг. Жишээ нь хүүрнэл зохиол, үргэлжилсэн үгийн зохиолын танин мэдэхүйн үндэс нь хүний ямар үйл хэрэг, үйл ажиллагаанд оролцсоныг үнэлэн дүрсэлж үзүүлэхэд оршдог. Тэгвэл жүжгийн зохиол нь хүний ямар үйл хэрэг, үйл ажиллагаанд оролцож байгааг хүний харилцаанд тулгуурлан үзүүлдэг. Тэгвэл шүлэг нь хүний дотоод сэтгэл бодол ертөнц, сэтгэлийн дотор агуулагдаж байгаа, нуугдаж байгаа зүйлийг дүрслэн гаргахад чиглэгддэг. Үүгээрээ аль ч үндэстний ямар ч шүлгийн бүтээл нь нэгд: үндэсний сэтгэлгээний онцлогтой, хоёрт: хэлний зүйн онцлогтой, гуравт: гүн ухааны үнэлэмжтэй байдаг. Тийм учраас орчуулгын онолд утга зохиолын үндсэн гурван төрөл зүйлээс орчуулахад хамгийн ярвигтай, хамгийн төвөгтэй, орлуулалт сэтгэхүй хамгийн их шаардагддаг төрөл нь шүлэг гэж заасан байдаг. Тэгвэл Хайку нь яг ийм буюу Японы үндэсний сэтгэлгээний онцлогтой, Япон хэлний зүйн онцлог, өвөрмөц өнгө төрхийг хамгийн их хадгалсан, тусгай бие даасан тогтолцоотой, япон хүний бодол санаа, үнэлэмж, сэтгэлийн хөдлөлийг хамгийн хураангуй товчоор илэрхийлдэг гүн ухааны үнэлэмжтэй ийм төрөл зүйл. Энэ төрөл зүйлийн бүтээлтэй монголчууд орос хэлээр дамжин танилцсан байна. Ингэж дамнасан орчуулгын байдал нь судлаачийн үзэж байгаагаар хайкугийн мөн чанарыг илтгэхтэй таарч нийцсэн үзэгдэл байна, таарч нийлээгүй ч үзэгдэл байна. Энэ ялгаатай байдлыг магистрант яаж таньсан бэ? гэвэл, Б.Явуухулан, Ж.Лхагва нарын орчуулгыг авч үзсэн монголын орчуулга судлалын хэрэглэгдэхүүн, үнэлэмжүүдэд тулгуурлалгүй, англи, орос хэлний орчуулгатай харьцуулан зэрэгцүүлж судлан тогтоосон. Өөрөөр хэлбэл бодит мөн чанар, оршин буй үзэгдэлд нь тулгуурлаж, аль болох хийсвэр үнэлгээгээс зайлсхийж, монголын талын судлаачдын судалгааны бүтээлийн нөлөөнд автаагүй гэсэн үг болно. Ингэж гаргаж ирсэн нь сайшаалтай.
- Японы уран зохиолын үндэсний шинж чанар, японы уран зохиолын энэ цагийн дэлгэрэлт, өнөө үеийн япон уран зохиолын орчуулгын талаарх орчин үеийн ойлголт, ерөнхий байдлын талаар үнэлэн өгүүлсэн нь энэ бүтээлийн танин мэдэхүйн талын бас нэгэн ач холбогдол нь гэж үзэж болно.