Соёл Эрдэм дээд сургуулийн эрдэм судлалын уламжлалт арга хэмжээ болох ЭРДМИЙН ЧУУЛГАН-2026-Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 4-р сарын 16-ны өдөр боллоо. Жил бүр зохион байгуулагддаг оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь тус сургуулийн хичээлийн жилийн үндсэн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ байдаг ба сургуулийн хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, оюутны онол, практикийн мэдлэг, ур чадварыг ахиулах, эрдэм судлалын үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх зорилготой билээ.
Манай сургуулийн энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын гол онцлог нь сургууль байгуулагдсаныхаа 30 жилийн ойд зориулснаараа, мөн зөвхөн Соёл Эрдэм дээд сургуулийн оюутнуудын хүрээнд биш, Монгол Улсын ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхмийн оюутнууд оролцсоноороо онцлог, өрсөлдөөнтэй байлаа.
ЭРДМИЙН ЧУУЛГАН-2026-Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь үндсэн хоёр салбараар хуралдсан ба I салбар нь “Гадаад хэл шинжлэл, Хүмүүнлэгийн ухаан” байв. Энэ салбарт СЭДС- ийн Гадаад хэлний орчуулагчийн 3-р курсийн оюутан Д.Нармандах “Япон хэл дэх өнгөний илэрхийллийн онцлог” (Удирдсан багш, СЭДС, докторант М.Мөнхцэцэг), Б.Баянбилэг “Япон-Монгол хэлний мэргэжлийн орчуулга дахь нэр томьёоны эквивалентын асуудалд” (Удирдсан багш СЭДС, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн), Л.Анхтуяа “Акихабара дүүрэг хот болох нь” (Удирдсан багш, СЭДС, докторант М.Мөнхцэцэг), Программ хангамжийн 2-р курсийн оюутан М.Мөнххүслэн “Нийгмээс хөндийрөх үзэгдлийн тухайд” (Удирдсан багш, СЭДС, докторант М.Мөнхцэцэг), Аялал жуулчлалын 1-р курсийн оюутан Ц.Нандин-Эрдэнэ, Э.Хувьтөгөлдөр нар “Аялал жуулчлалыг төвийн бүсэд хөгжүүлэх боломж: Дархан хотын жишээн дээр” (Удирдсан багш доктор, профессор Н.Галиймаа) зэрэг сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
I салбарт хэлэлцүүлсэн оюутан Д.Нармандахын илтгэл нь соёл хэл шинжлэлд хамаарах, япон монгол хэлний өнгөний орчуулгын нийцлийн тухай авч үзсэн байв. Оюутан Баянбилэгийн илтгэл технологийн салбарын нэр томьёог оноон орчуулах асуудалд тулгарч байгаа зөрүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн саналаа дэвшүүлсэн байна. Тэгвэл оюутан М.Мөнххүслэнгийн хэлэлцүүүлсэн илтгэл нь орчин үеийн нийгэмд тулгамдсан асуудал болж буй нийгмээс хөндийрөх үйл явцад хамгийн ихээр өртөж байгаа улс орнууд, ийм үйл явцын сөрөг үр дагавар, үүнээс сэргийлэх, болгоомжлох тухай саналаа дэвшүүлсэн байна. Харин “Аялал жуулчлалыг төвийн бүсэд хөгжүүлэх боломж: Дархан хотын жишээн дээр” илтгэл нь Монгол орны өнөөгийн нөхцөл байдалтай уялдсан, хот, суурин, төвийн бие даасан хөгжлийн асуудалд гарц, гаргалгаа дэвшүүлсэн, бодит хэрэглээний ач холбогдолтойгоороо онцлог байв. Ингээд “Гадаад хэл шинжлэл, Хүмүүнлэгийн ухаан”-ы салбар хуралдааны тэргүүн байрыг Аялал жуулчлалын 1-р курсийн оюутан Ц.Нандин-Эрдэнэ, Э.Хувьтөгөлдөр нар “Аялал жуулчлалыг төвийн бүсэд хөгжүүлэх боломж: Дархан хотын жишээн дээр” илтгэл тэргүүн байр эзэлж, Гадаад хэлний орчуулагчийн 3-р курсийн оюутан Д.Нармандах “Япон хэл дэх өнгөний илэрхийллийн онцлог” илтгэл дэд байр эзлэв.
II салбар “Мэдээллийн технологи” чиглэлээр ШУТИС-ийн МХТС, Кибер аюулгүй байдлын 3-р курсийн оюутан М.Төгөлдөр, А.Анударь, Г.Мягмар-Очир нар “Гарааны бизнесүүдийн үүлэн орчин дахь өгөгдөл хамгаалалт, нууцлал” (Удирдсан багш ШУТС, МХТС, Кибер аюулгүй байдлын тэнхим, СЭК, МТ-ийн тэнхим, доктор, дэд профессор Б.Дэнсмаа), оюутан Ц.Тэмүүлэн, Б.Төгөлдөр нар “Windows dns cache” өгөгдөлд тулгуурласан бодит цагийн хорт домэйн илрүүлэлт” (Удирдсан багш ШУТС, МХТС Кибер аюулгүй байдлын тэнхим Магистр Б.Ундрал), Соёл Эрдэм дээд сургуулийн Программ хангамжийн 2-р курсийн оюутан Э.Ганхүрэл “Цахим орчны хэт хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл” (Удирдсан багш, СЭДС, дэд профессор Б.Мөнхчимэг), ШУТИС-ийн МХТС, Кибер аюулгүй байдлын 3-р курсийн оюутан З.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нар “Сүлжээний траффик шинжигч” (Удирдсан багш, ШУТС, МХТС Кибер аюулгүй байдлын тэнхим, СЭДС, МТ-ийн тэнхим, доктор Д.Бямбадорж), МХТС, Кибер аюулгүй байдлын 4-р курсийн оюутан О.Хуягбаатар “AI-тай хамтран суралцах загвар: Оюутны сэтгэх чадвар, бие даан суралцах чадварт үзүүлэх нөлөө” (Удирдсан багш ШУТС, МХТС Кибер аюулгүй байдлын тэнхим, СЭДС, МТ-ийн тэнхим, магистр Н.Чулуунбаатар), Кибер аюулгүй байдлын 3-р курсийн оюутан Д.Батсуурь, С.Сугарсүрэн нар “Файлгүй хортой программ илрүүлэх системийн судалгааны тайлан” (Удирдсан багш ШУТС, МХТС Кибер аюулгүй байдлын тэнхим, Магистр Н.Даваасүрэн) зэрэг илтгэл хэлэлцүүлэв.
Тус салбарт хэлэлцүүлсэн илтгэлүүдийн гол онцлог нь цаг үеийн хандлага, уур амьсгалтайгаа нийцсэн, эрүүл цахим орчин нутагшуулахад чиглэсэн, зүй зохист цахим орчны хэрэглээний тухай, хиймэл оюун ухаан хийгээд дэвшилтэт технологийн давуу болон сул талыг авч үзэж асуудал дэвшүүлснээрээ нийгэм олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад хандсанаараа дэвшилттэй байлаа. Хамгийн чухал нь судлаач оюутнууд цахим орчинд хэрэглэгдэх өөрсдийн гэх нэрийн бүтээгдэхүүн -программ бүтээснээ, үүнийгээ туршилтаар батлан нотолсоноо хамгаалан илтгэсэн нь ололттой тал байлаа.
Ингээд “Мэдээллийн технологи” салбар хуралдааны тэргүүн байрыг ШУТИС-ийн МХТС, Кибер аюулгүй байдлын 3-р курсийн оюутан З.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нар “Сүлжээний траффик шинжигч” сэдэвт илтгэлээрээ эзэлсэн бол, дэд байрыг МХТС, Кибер аюулгүй байдлын 4-р курсийн оюутан О.Хуягбаатар “AI-тай хамтран суралцах загвар: Оюутны сэтгэх чадвар, бие даан суралцах чадварт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр эзэллээ.
Энэ удаагийн Соёл Эрдэм дээд сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2026-Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” нь оюутнууд мэдлэг, мэдээлэл, онол арга зүй, туршлагаа харилцан солилцсон, ижил мэргэжилтэй, ижил түвшний оюутнууд бие биенээсээ суралцсан, үр дүн өгөөжөөр нэн баялаг, сургамж сануулга болсон, оюутнуудын танин мэдэхүйн, хөгжил дэвшилд нь хувь нэмэр болсон, оюутны сэтгэл ханамж өндөртэй, сайхан үйл ажиллагаа боллоо.
Иймээс эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа болон оюутнаа эрдэм судлалын чиглэлээр удирдан залж, чиглэн жолоодсон хүндэт мэргэн багш нар та бүхэндээ чин сэтгэлийн угаас баярлан талархаж байгаагаа илэрхийлэн, та бүхний ажил үйлс, сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.