“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

  • Нүүр хуудас
  • “Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

“Соёл-Эрдэм” дээд сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн ахлах 12-р ангийн сурагчдын дунд Япон орон, хэл соёлыг сурталчлах зорилгоор зохион бичлэгийн уралдаан зарласан. Cурагчдын ирүүлсэн бүтээлүүдийг Япон улсын онцлог зүйлүүдийг тусган бичсэн байдал, найруулга зүй, хугацаандаа ирсэн эсэх зэргийг харгалзан үзэж шалгаруулсан. 1-р байрыг 33-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Тэнгис, 2-р байрыг Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийн 12-р ангийн сурагч Б.Батцэцэг, 3-р байрыг 84-р сургуулийн 12 ангийн сурагч Ч.Оюунбилэг, Тусгай байрыг 9-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Ариунцоож нар эзлэв.
“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдаан

Тэргүүн байрын эзэн 33-р сургуулийн 12-р ангийн сурагч Г.Тэнгисийн зохион бичлэг

Далай тэнгисээр хүрээлэгдсэн хамгийн эрт нартай золгодог Наран улс буюу Япон орон. Надад яг л Япон хэмээх нэртэй хөлөг онгоц мэт санагдана. Зуун хорин таван сая хүнийг авч яваа Япон хөлөг онгоц. Дэлхийн зах хязгаар хүртэл явах энэ хөлөг онгоц нь гайхалтай сан. Үүнийг явсан мөр туулсан зам нь нотлох биз. Дайрч өнгөрсөн газар болгондоо өөрсдийгөө баталж улам улам далайн хязгаарт орших үзэсгэлэнт жаргах нарлуу урагшлах хөлөг онгоц мэт санагдана. Япон гэх дөрөвхөн үсэгний цаана ямар аугаа зүйл оршдог нь биширмээр. Өнөө цагийн бүх анхдагч зүйлс Япон улсаас үүдэлтэй. Тэгээд ч болоогүй бүх л улс орныг техник технологиороо гайхшруулж амьдралтайгаа холбож чаддаг нь өнөө цагийн шилдэг улс байх үндэс нь билээ. Жишээлбэл зайнаас хянах систем, хиймэл оюун ухаан, телематик гэх мэт. Дан ганц техник технологиор бус байгалийн үзэсгэлэнт газраараа дэлхийд алдартай. Нар тэнгэрт мандах үед сакура цэцгийн цаана Фүжи уул харагдаж, одод мичид сартай цуг тэнгэрт түгэхэд Японы тэнгэрт салют гялалздаг нь үзэсгэлэнтэй. Мөн Япон улсыг анимэгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анимэ нь арьс өнгө, нас хүйс, хэл соёл, харгалзахгүйгээр хүн бүрт нээлттэй байж тэднийг нэг зүйлд нэгтгэж чаддаг гэж би боддог. Анимэгээр дамжуулан хүүхэд залуучуудад мэдлэг, ёс суртахууныг ойлгуулахаар барахгүй хүсэл мөрөөдлийг нь тодотгож чиглүүлж чаддаг. Япон улс нь хүүхдийг бага балчраас нь зөв хандлага төлөвшилтэй, эх оронч сэтгэлгээтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг болгож төлөвшүүлдэг нь Япон орны хөгжлийн гол үндэс суурь гэж боддог. “Мянга сонсохоос нэг үз” гэдэг шиг та бүхнийг өөрийн нүдээр хараасай гэж хүсэж байна.

“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдаан

Хоёрдугаар байрын эзэн Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийн 12-р ангийн сурагч Б.Батцэцэгийн зохион бичлэг

Би дэлхийн улс орон бүрийг судлах, шинжлэх их дуртай. Хүн төрөлхтөнд үлгэр жишээ, манлайлагч улсууд олон бий. Эдгээр улсууд дундаас Япон орныг бага наснаасаа төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэл, ном сэтгүүлээс мэдэх болсон билээ. Ирээдүйд тэмүүлж байгаа суралцагч учраас Япон орны боловсролоос нь эхлэн танин мэдсэнээ бичье. Японы сургуулиуд хүүхдийг 4-р анги хүртэл шалгалт авдаггүй. Эхний 3 жилд хүүхдэд хичээл ном, сургалт биш харин зан ааш, хүн чанар, хувь хүний хүмүүжил гэдэг ямар чухал болохыг ойлгуулахыг зорьдог байна. Энэ нь надад Япон улсыг ХҮНДЛЭХ СЭТГЭЛ төрүүлсэн. 21-р зууны нийгэмд боловсрол, мэдлэгээс илүү хувь хүний төлөвшил чухал болсон учраас Япон улс нь боловсролын тал дээр алсын хараатай мэт санагдлаа. Мөн миний мэдсэнээр Японд тарган хүнийг дарга болгодоггүй. Өөрийгөө удирдаж чадахгүй хүн хэнийг ч удирдаж чадахгүй гэж үздэг байна. Энэхүү мэдээлэл нь Япон улсыг яагаад өндөр хөгжилтэй орон хэмээн цоллосныг баталж байна. Өндөр хөгжил гэдэгт цор ганц техник технологи орохгүй. Тухайн улсын ард түмний өөрсдийгөө хөгжүүлсэн байдал, мэдлэг боловсрол, соёл зэрэг орно. Япон хүмүүсийн дайчин, шургуу хөдөлмөрийг гайхахгүй байхын аргагүй юм. Саяхан би UBS телевизийн “ Үзэсгэлэнт Япон орноор” нэвтрүүлгийг үзсэн. Япон орны өнгө өнгөөр бүрхсэн, нүд гялбам байгалийн үзэсгэлэнг дурдахгүй байхын аргагүй. Арлын Япон орноор аялахад хамгийн тохиромжтой ГАЙХАЛТАЙ үе бол жуулчдын тоо нэмэгддэг сакура цэцэг дэлгэрэх хаврын улирал юм. Аялал жуулчлал хөгжсөн Арлын орны хамгийн өндөр уул Фүжи уул нь далайн түвшнээс дээш 3776 метр өндөрт өргөгдсөн галт уул юм. Фүжи уул хамгийн сүүлд 1707-1708 оны үед идэвхжсэн. Япон даяар хамгийн алдартай галт уул Хоншю арлын Шизүока мужид байрладаг. Байгалийн үзэсгэлэнт тогтцууд ихтэй ба Yamanaka, Motosu, Sai, Shoji, Kawaguchi гэсэн 5 нуур уулаа тойрон оршино. Түүхэнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй галт уулын нэг гэж нэрлэгдэж байгаад Япон улсын БЭЛГЭДЭЛ болжээ. Миний мэдэх Япон орон үүгээр дуусахгүй. Бичээд бичээд дуусашгүй эх ундаргын далай болсон Арлын Япон орны соёл хөгжлийг судалсаар байх болно.
“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдаан

Хоёрдугаар байрын эзэн 84-р сургуулийн 12 ангийн сурагч Ч.Оюунбилэгийн зохион бичлэг

Миний мэдэх Япон орон бол хамгийн гайхалтай орон юм. Дэлхийн 2-р дайны үеийн баримтат нэвтрүүлэг болон түүхийн номон дээр гардаг Япон орон, өнөөгийн бидний мэдэх орон хоёр тэнгэр газар шиг танигдахааргүй өөр юм. Дайны хүнд хэцүү цаг үед итгэл найдвараа алдалгүйгээр чадлаараа зүтгэж байсан 1945 оныг хүртэлх цаг үе хамгийн сэтгэл шимшрэм билээ. Тэд дайнд ялагдаж байгаа гэдгээ мэдэж байсан хэдий ч эцсийн мөч хүртэл төвлөгөө болон улсдаа итгэх итгэл найдвараа алдаагүй юм. Миний бодлоор 1945 оны цөмийн бөмбөгдөлт маш эмгэнэлтэй байсан хэдий ч Япончуудын хувьд одоогийн хамгийн хөгжил дэвшил сайтай зарим хүмүүсийн хэлдгээр Япончууд ирээдүйд амьдардаг гэж гайхширал төртөл нь хийж бүтээх хамгийн том түлхэцийг бий болгосон байх. Хамгийн бүр байж болох хамгийн хачин бас гайхалтай зүйлсийг тэд бүтээж байна. Тэд дэлхийн шинэ эрин үеийг үнэлшгүй их хичээл зүтгэлээр бий болгосон гэхэд хэлсдэхгүй байх гэж бодож байна. Тэр эрин үе бол мэдээж техник технологийн эрин үе юм. Бидний төсөөлөлд хэзээ ч робот гэрийн үйлчлэгч эсвэл зөөгч бидэнд үйлчлэн харилцан яриа өрнүүлнэ гэдэг тухай бодол ч орж байгаагүй орж ирсэн ч бодит болохгүй мэт байсан роботуудыг Япончууд аль хэдийнэ төрөл бүрээр нь бүтээж чадсан юм. Тэдний хамгийн бахархалтай зүйл бол техник технологио асар хурдацтай хөгжүүлж байгаа ч өв соёл уламжлалаа орхигдуулалгүйгээр яг л 200 эсвэл 300 жилийн өмнөхөөрөө уламжлан хадгалж өвлүүлж байгаа явдал юм. Тийм ч учраас Япон орныг зорих аялагчид дан ганц Японы хөгжил дэвшлийг биш өв уламжлагдан ирсэн соёлыг харахыг хүсдэг нь гарцаагүй юм.
“Миний мэдэх Япон орон” зохион бичлэгийн уралдаан

Тусгай байрын эзэн 9-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Ариунцоожийн зохион бичлэг

Цэнхэр гарагийн элгэн дээр оршин буй улс орнууд өөрийн гэсэн түүх соёл, ёс уламжлал, газар нутаг, хэл бичиг, уур амьсгал, дүрэм журам гэх мэт тус бүрийн дахин давтагдашгүй өвөрмөц онцлог шинжтэй. Ингээд би Япон улсын талаар юу мэдэх вэ? гэсэн асуултад өөрийн мэдлэгийн хүрээнд хариулахыг зорилоо. Сакура, самура, сумо, кимоно, анимэ гэдэг үгсийг хармагц мөн сонсмогц хамгийн түрүүнд Япон улс санаанд чинь орж байгаа биз. Ази тивийн зүүн хойд хэсэг номхон далайн баруун хойд биед оршин дэлхийд хөгжил, технологи, урт наслалт, үзэсгэлэнт байгаль, хөдөлмөрч найрсаг ард түмнээрээ хэдийнэ танигдсан “Наран үндэслэх орон” буюу Япон орон нь 6852 арал, далай тэнгисээр хүрээлэгдсэн байдаг. Байгалийн харагдах байдал нь үнэхээр төгс, нүд баясмаар сайхнаас гадна тэдний аж ахуй эрхлэх чухал нөхцөлийг ч бүрдүүлж байдаг. Япон улс газар нутгийн хэмжээ/377,914км/ бага ч хүн ам /13,839,910/нь газар нутгийн хэмжээнээсээ хэд дахин их. Хамгийн өндөр уул Фүжи нь 3776 метр өндөр галт уулын идэвхитэй бүс учраас үүнийг дагаад халуун рашаанууд түгээмэл. Хавар нь Фүжи уулын эргэн тойронд интоор цэцэглэж, зундаа өвч ногоорон, намар цагт нилдээ улайна. Харин өвөлдөө цайран байх нь аялан жуулчилж чөлөөт цагаа өнгөрөөх сайхан нутаг билээ. Япон хүмүүсийн хамгийн дуртай дээдэлдэг цэцэг нь сакура юм. Хавар сакура цэцэг нь нилэнхүйдээ дэлгэрэн цэцгэн далай мэт давалгаална. Энэ үеэр японд жуулчлалын тоо эрс нэмэгддэг. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж бусад улс гүрнүүдээс хоцордоггүй хэрнээ өв уламжлалаа ч хадгалсаар иржээ. Зарим тохиолдолд япон хүмүүс тэс өөр гарагаас ирсэн мэт санагддаг нь тэдний өдөр тутмын амьдрал хатуу ёс жаягтай байдагтай холбоотой. Өөр улс оронд байхгүй зөвхөн японд байдаг өвөрмөц соёл уламжлалтай танилцацгаая.Үүнд: бонсай буюу жижигрүүлсэн мод, кабүки буюу дуулалт жүжиг, сумо буюу бөх, кимоно буюу үндэсний хувцас, оригами буюу цаасан нугалбар. Эдгээр өвөрмөц соёлыг өөр хаана ч биш зөвхөн японд л харж болно. Гоо зүй гэдэг япончуудын хувьд маш чухал, аливаа зүйлийн үзэмж гоо зүйд ихээр анхаардаг нь илт бөгөөд амьдралынх нь нэгэн чухал хэсэг гэж хэлж болно. Япончууд шинээр хийж бүтээж байгаа зүйлдээ маш хянуур ханддаг, чанарыг эрхэмлэдэг хүмүүс. Магадгүй хувь хүн бүрийн ийм зан чанар Япон улсыг хөгжилд хүргэсэн гэж хэлж болох биз ээ. Одоо ингээд явахын хүслэн болоод бичээд сууж байгаа ч ирээдүйд аялах улс минь нэг гарцаагүй Япон улс билээ. Өөрийн биеэр очиж Япон орны тухай улам ихийг мэдэх хүсэлтэй жирийн нэгэн охин билээ би.