Соёл-Эрдэм Дээд сургууль нь Японы “Capital Knowledge” мэдээллийн технологийн компаний төлөөлөгчидтэй цаашид хамтран ажиллах талаар санал солилцох цахим уулзалт 2021.12.13-ны өдөр зохион байгууллаа. Тус компани нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар Мьянмар улсад 120 ажилтантай охин компани нь ажиллаж байна. Япон талаас системийн инженер Фүкүда, Аояма нар болон мэргэжлийн нягтлан бодогч Ямасаки, мэргэжилтэн Нарангуа нар оролцлоо. Тус сургуулийг төлөөлж сургуулийн удирдах зөвлөлийн дарга Макихара Соичи, япон хэлний тэнхимийн багш С.Болдбаатар, Д.Алимаа, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч Н.Алтантунгалаг, номын санч Янжинсүрэн нар оролцов. Интерншип хөтөлбөрийн хүрээнд компьютер програм хангамжийн ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг тус компанид хийлгэх боломж бололцооны талаар санал солилцлоо. Компьютерийн суурь мэдлэгтэй, япон хэлний N3 түвшинтэй оюутнуудад боломж олгох тал дээр анхаарч ажиллахаар болов. Мөн цаашид монгол оюутан ажиллуулахад тохирсон арга барил, нөхцөл болзлын талаар харилцан судалж үзэхээр тохиролцов.