Сургуулийн тухай

Сургуулийн тухай

Соёл Эрдэм дээд сургууль нь 1996 онд Япон улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Япон хэлний багш орчуулагч” мэргэжлээр 60 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 2003 онд анх удаагаа, 2010 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 2020 онд 3 дахь упаагаа магадлан итгэмжлэгдсэн. Өдгөө Япон хэлний орчуулагч, Япон орон судлал, Эдийн засаг, Аялал жуулчлалын менежмент, Компьютер программ хангамж гэсэн 6 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 1377 оюутныг төгсгөөд байна. Нийт төгсөгчдийн 40 хувь нь Японд суралцаж, ажиллаж, дадлага хийсэн байна. СЭДС нь Япон улсад 50 болон 100 хувийн тэтгэлэгтэй суралцах, сард 2 сая 500 мянга орчим төгрөгийн цалинтай хэл, соёлын практик дадлага хийх, зуны амралтаараа багш, оюутнууд 100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтггэлд суралцах, төгсөөд Япон улсад мэргэжлээрээ болон гэрээгээр ажиллах зэрэг олон боломжийг оюутан суралцагчиддаа олгодог. Мөн 2+2 (2 жил Монголд 2 жил Японд) болон 1+3 (1 жил Монголд 3 жил Японд суралцах) зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Япон улсын Вэлнэс спортын их сургуультай, жилд 25 оюутан элсүүлж байх гэрээг 2020 оны 3 сарын 24-нд үзэглэсэн. Энэ намраас эхний ээлжийн оюутнууд явах гэж байна. СЭДС нь анх байгуулагдсан цагаас өдгөө хүртэл давхардсан тоогоор 1000 гаруй оюутныг Япон улсад суралцуулж, дадлагажуулж, ажиллуулахаар явуулаад байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд цалинтай дадлага хөтөлбөрт 39 оюутан, 100 хувийн тэтгэлэгт хэлний сургалтад 6 оюутан, 2 багш, 100 хувийн тэтгэлэгт оюутан солилцоогоор 18 оюутан, 50 хувийн тэтгэлгээр 21 оюутан Японд суралцаад байна. Япон улсын 30 гаруй их дээд сургууль, байгууллагатай хамтран ажилладаг. СЭДС-ийн эрхэм зорилготой уялдан бусад мэргэжлийн ангиудад ч япон хэлний хичээл 30-40 кредит цагаар орж байна. Ингэснээр манай сургуулийн ямар ч мэргэжлийн ангийн оюутан бичгийн болон ярианы орчуулга хийх бүрэн чадвартай мэргэжилтэн болж төгсдөг. Бүх мэргэжлийн ангийн оюутан Япон улсад суралцах, ажиллах чадвартай хэлний мэдлэгтэй төгсдөг нь манай давуу тал юм. СЭДС-ийн оюутнууд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт жил бүр тогтмол хамрагдаж, сүүлийн таван жилийн хугацаанд 5 оюутан Япон улсын засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаад байна. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад 2 оюутан тэнцээд байна. СЭДС нь байгуулагдсан цагаасаа тасралтгүй Японы мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулж байгаа бөгөөд өнөөг хүртэл гэрээт болон дадлагажигч нийт 50 орчим багш, мэргэжилтнийг урьж ажиллуулсан бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 9 япон багш ажилласан. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжилтэн багш Мотай Акико, Асами Коичиро, Фүжи Тана нар ажиллаж байна. Монгол болон япон хэлээр багш оюутнууд хамтран “Соёл Эрдэм” сургуулийн сониныг улирал тутам гарган сургуулийнхаа үйл ажиллагааг тайлагнан сурталчилдаг. Японы их сургуулиудтай хамтран 2 улсын боловсол, байгаль орчин, нийгэм эдийн засгийн чухал асуудлуудаар Монгол, Япон улсад жил бүр ээлжлэн Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг. Мөн 2006 оноос эхлэн жил бүр Япон улсын Оберлин их сургуультай хамтран хоёр улсын оюутнуудын байгаль экологийн хамтарсан дадлагыг зохион явуулсаар ирсэн юм. Уг дадлагын хүрээнд оюутнууд харилцан мэдлэг солилцож, соёл, гадаад харилцаа, олон улс, түүх, хүрээлэн байгаа орчны тухай судалгаа хийдгээрээ ач холбогдолтой. 10-14 хоногийн хугацаанд малчин айлд хонож монголын нүүдэлчин аж ахуй амьдралтай танилцан, Улаанбаатар хотод айлд байрлаж, хот хөдөөгийн ахуй амьдралын ялгаанаас суралцана. Энэхүү хамтарсан дадлага нь цар хүрээгээ тэлэн 2016 оноос Риккёо их сургууль, 2017 оноос Чюоүгакүин их сургууль оролцох болсон юм. Оюутнууд хүрээлэн байгаа орчны тандалт ажиглалт хийж, Туул голын эрэг орчмын дагуу хог хаягдлыг түүж, байгаль орчинд ээлтэй сайн дурын ажлыг хамтдаа хийдэг нь дадлагыг чухал ач холбогдолтой болгодог юм. СЭДС нь дэргэдээ Шилийн булаг жуулчны баазтай. Тус бааз нь оюутнуудыг зуны турш дадлага хийх боломжоор хангаж, улмаар Япон улсаас ирсэн аялагч, жуулчидтай харьцаж, тал бүрээр хөгжих бололцоог олгодог. Мөн оюутнууд зуны амралтаараа Японд бага дунд сургууль, их сургуулиудаас ирсэн оюутан сурагцагчидтай хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулахад биечлэн оролцдог. 1-4 дүгээр курсийн оюутнууд өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу сургуулийн жуулчны бааз дээр дадлага хийдэг. Дадлагаа амжилттай гүйцэтгэсэн оюутнууддаа урамшуулал, төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлгийг олгож байна. СЭДС-д элсэгчдээс авсан судалгаагаар нийт элсэгчийн 80 гаруй хувь нь тус сургуулийн мэдээллийг танилаасаа авсан байдаг. Өөрөө хэлбэл, элсэлтийн шалгалтаа өгөхөөсөө өмнө СЭДС-д элсэх шийдвэрийг гаргасан байдаг. Нэг айлын хүүхдүүд бүгд манай сургуулийг төгсөх тохиолдолд цөөнгүй байдаг нь манай сургалтын чанар сайн байгаагийн, мөн гадаад харилцаа амжилттай яваагийн илрэл юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал “Соёл-Эрдэм” дээд сургууль чанарын баталгаагаа хангаж, сургуулийнхаа нэр хүндийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх бодлого, үйл ажиллагааг зарим түвшинд хэрэгжүүлдэг. Манай сургууль нь анхны хөрөнгө оруулалтаа Япон улсаас бүрдүүлж бий болгосон учир түүн дээрээ үндэслэн тус улсын их сургууль, коллеж, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласаар ирсэн. Үүнд: - Япон улсын их сургууль, коллежид суралцуулах - Оюутан солилцоо - Япон хэлний сургалт - Цалинтай дадлага - Гэрээт ажилтан илгээх - 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэрээ хэлэлцээрийн түвшинд явагдаж байна - Япон улсын Хувийн их сургуулиудын холбоотой хамтран ажиллаж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг - Япон улсын Оберлин их сургуультай хамтран жил болгон эрдэм шинжилгээний хурал хоёр улсад ээлжлэн зохион байгуулдаг.

Сургуулийн тухай
Сургуулийн тухай

Эрхэм зорилго

Монгол болон Япон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн бэлтгэнэ.

Алсын хараа

Япон хэл, программ хангамжийн хосолсон сургалт, гадаад хамтын ажиллагаагаар монгол улсдаа тэргүүлэгч сургууль болно.

Уриа

Чанартай сургалт-Япон соёл

Үнэт зүйл

С-Соёл уламжлалаа дээдэлсэн
Э-Эрдэм мэдлэгийг эрхэмлэсэн
А-Амьдрах арга ухаанд суралцсан
С-Сурлагын хоцрогдолгүй суралцагч бэлтгэх

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт