Дадлага зохион явуулах

Дадлага зохион явуулах

Сургуулийн дэргэдэх “Шилийн булаг” жуулчны баазтай бөгөөд тус жуулчны бааз дээр жил бүрийн зун оюутан суралцагчид танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа хийдэг. Япон улсаас амрагчид ирж амардаг тул оюутнуудад хэлний практик дадлага болдог сайн талтай. Шилийн булаг жуулчны бааз Улаанбаатар хотоос зүүн зүгт 62 км Төв аймгийн Эрдэнэ сум дахь Баяндаваагийн аманд байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах гэр буудал 150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай. СЭДС-ийн оюутнууд жуулчны бааз дээр дадлага хийх хугацаандаа япон жуулчидтай шууд харьцаж, хэлний мэдлэгээ бататгахаас гадна монгол ахуй соёлтой танилцаж, сурч мэддэг нь ихээхэн давуу тал болдог. Үүнд: Морь, тэмээ барих, унах, монгол гэр барих, буулгах, тараг сүү боловсруулах гэх мэт монгол ахуй соёлтой танилцдаг. Мөн өөрсдийн гараар тарьсан хүнсний ногоогоор хоолоо бэлдэж иддэг нь цаашдаа ногоо тарьж, арчлах хүсэл эрмэлзэлтэй болдог.

СЭДС нь 2006 оноос эхлэн Япон улсын Оберлин их сургуультай хамтран оюутны хамтарсан дадлагыг өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон зохион явуулсаар ирсэн юм. Уг хамтарсан дадлагын оюутнууд харилцан өөр өөрийн орны тухай мэдлэг мэдээллээ солилцон, соёл, гадаад харилцаа олон улс, түүх, хүрээлэн байгаа орчны тухай судалгаа хийж, санал солилцдогоороо ач холбогдолтой юм. Үүнд: СЭДС-ийн оюутнууд Япон улсын Оберлин их сургуулийн оюутнуудтай хамт 10-14 хоног Монголын нүүдэлчин аж ахуй амьдралтай танилцан монгол малчин айлд хонож, жирийн малчин айлын өдөр тутмын амьдралыг мэдэж авна. Түүнчлэн Улаанбаатар хотод айлд хонож, хот хөдөөгийн ахуй амьдралын ялгаанаас суралцана.

Оюутнууд хүрээлэн байгаа орчны тандалт ажиглалт хийж, байгалийн нөхөн сэргээлт, Туул голын эрэг орчмын дагуу байсан хог хаягдлыг түүж, олон нийтийг уриалан байгаль орчинд ээлтэй сайн дурын ажлыг хоёр орны оюутнууд хамтдаа хийдэг нь дадлагыг чухал ач холбогдолтой болгодог. Энэ нь хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, унаган төрхөөр нь авч үлдэх сэдлийг оюутнуудад төрүүлсэн чухал ажил болдог юм. Мөн Горхи, Тэрэлжийн байгалийн тусгай хамгаалалттай газруудаар явж, байгалийн үзэсгэлэнт газартай танилцдаг.

Монгол улсын эртний нийслэл Хархоринд очиж, Эрдэнэзуу хийдийг үзэж, алдарт 108 суварга, 3 гүрний хөшөө, Хөшөө цайдам, Түрэгийн үеийн дурсгалтай танилцдаг нь Япон төдийгүй манай оюутнуудад гүн сэтгэгдэл төрүүлдэг юм. Дадлагын багийнхан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайкад очин Монголд явуулж буй үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын чиг хандлагын талаар мэдлэгтэй болно. Орхон голын хөндийд майханд хоноглож, ил гал дээр монгол хоол хамтран хийсэн зэрэг нь оюутнуудад ярих зүйл олонтой дурсамж дүүрэн аялал болдог байна. Дадлага ажлын явцад оюутнууд сурсан мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, тайлан тавьж үнэлэлт дүгнэлт авна. Энэхүү хамтарсан дадлага нь цар хүрээгээ тэлэн 2016 оноос Риккёо их сургууль, 2017 оноос Чьюо гакүин их сургууль оролцох болсон юм.